Эрх зүй гэж юу вэ?

Эрх зүй гэж юу вэ?

Эрх зүй I-1  Д.Уянга

Эрхэм танаас хоол хүнс, усгүйгээр хэр удаан амьдарч чадах вэ? гэж асуувал та огтхон ч эргэлзэлгүй 4 эсвэл 5 хоног, дээд тал нь 7 хоног гэж хариулна. Харин эрх зүй, шударга ёсгүйгээр хэр удаан байж чадах вэ? гэж асуувал та нилээд удаан хугацааны туршид, олон зүйлийн тухай бодож эргэцүүлэн эрх зүй гэж чухам юу вэ?, миний амьдралд ямар хэрэгтэй вэ? гэх асуултуудыг өөртөө тавьж хариулсны эцэст нэг хариулт өгч чадах бизээ.

Тэгэхээр эрх зүй гэж юу вэ? Та бидний амьдралд ямар хэрэгтэй вэ?

Эртний Грек, Ромын үеэс эхлэн энэ асуулт тавигдсаар ирсэн. Эрх зүй бол нийтлэг хүсэл сонирхол, шударга ёс, бие хүний чөлөөт байдал гэх зэргээр тодорхойлж байснаас гадна саяхныг болтол манай улсад эрх зүй бол хууль бөгөөд түүнийг төрөөс тогтоодог гэж тодорхойлж байсан.

“ius est ars boni et aequi”. “ Эрх зүй гэдэг бол шударга ёсонд тэмүүлэх, шударга ёс, тэгш ёс хоёрын хөл нийлүүлэх урлаг мөн.” хэмээх тодорхойлолт эрх зүйн шинжлэх ухааны үнэ цэнэтэй сод цоморлиг болсон ромын Дигест хэмээх бүтээлийн эхэнд зүгээр ч нэг бичигдээгүй юм.[1] Үнэхээр ч эрх зүй бол шударга ёс, эрх тэгш байдлаас урган гардаг.

Хүн бүр Бурхан будда эсвэл Есүс христ шиг цэвэр ариун сэтгэлтэн байж, бусдын төлөө биеэ золиослон шударга байж чаддаггүй. Ихэнхдээ бид нэн түрүүнд өөрийн эрх ашгийг боддог.  Үүнээс л болж хүмүүс бид бие биенийхээ эрхийг зөрчиж тэгш бус байдлыг үүсгэдэг. Энэ үед эрх зүй үүргээ биелүүлж бидний харилцааг зохицуулан, хүний эрхийг хамгаалж нийтийн сайн сайхны төлөө ажилладаг.

Хэрвээ бид бүх зүйлд шударгаар хандаж, үргэлж бие биенийхээ төлөө амиа өгөхөөс ч буцдаггүй байсансан бол бидэнд эрх зүй, түүний зохицуулалт хэзээ ч хэрэг болохгүй байсан байж болох юм. Хүмүүсийн хоорондын харилцааг хайр энэрэл л зохицуулах байсан ч байж магад.

Еврей жүүдийн эсрэг чиглэгдсэн 3-р эзэнт улсын “Нюренбергийн хууль” нь эрх зүй, хууль хоёрыг адилтгаж болохгүйг харуулсан. “Уг хууль нь шүүгчийг шударга ёсыг үл харгалзан зөвхөн хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй утсан хүүхэлдэй болгодог”[2] хэмээн хуульч Густав Радбух бичсэн байдаг.  Энэ хуулиар еврей, жүүдүүдийн эрхийг хязгаарлаж байснаараа  шударга ёс, тэгш эрхийг үгүйсгэж байсан. Угтаа хууль бол эрх зүйн гадаад илрэл болж түүний хүчин төгөлдөр үйлчилж мөрдөгдөх хэрэгцээг хангадаг байх ёстой. Харамсалтай нь хууль  болгон  үргэлж өөртөө шударга ёс,  тэгш  эрхийг  тусган  нийтлэг  эрх  ашгийг

илэрхийлсэн  шударга хууль байж чаддаггүй. Учир нь хуулийг хүмүүс өөрсдөө томьёолж тогтоодог. Тэгэхдээ засаглал баригч хэсэг бүлэг хүмүүсийн хүсэл зориг ахиуц байдлаар тусгагдах явдал бий.

Би урьд нь уран зохиолын хичээл дээр Фридрих Шиллерийн “Вильгельм Телл” жүжгийг уншсан юм. Уг жүжигт:

Үгүй ээ, эзэрхэг засагт хязгаар бий

Хэрэв дарлагдагч хаана ч эрхээ эдлэхгүй,

Түүний зовлонт дарамт хүлцэхийн аргагүйд хүрвэл

Тэрбээр зориг юугаан чангалан

Тэнгэр огторгуйн од мэт хүчинд үл автах

Мөнхийн эрхээ диваажинд олдог. [3]

гэж өгүүлсэн байдаг. Энэ нь тухайн цаг үеийнхээ хууль цаазад харш ч хэний ч эрхшээлээс үл хамааран орших тийм хүний эрхийн талаар хүүрнэсэн хэрэг. Хүнд байгалиас заяасан салшгүй эрх байдаг тул улс төрийн аливаа байгуулал түүний халдашгүй дархан байдлыг харгалзах нь зүйтэй.[4] Францын “Хүн ба иргэний эрх зүйн тунхаглал”-д хүн бүрийг эрх зүйн субьект гэж үзэх болсноор жам ёсны эрхийн тухай асуудал хөндөгдөж эрх зүйн хүрээнд санал зөрөлдөөн үүсэх болсон. Тухайлбал бүрэн мэндэлсэн хүн л бол хүний эрх эдлэх эрх зүйн чадвартай гэж үзэх үү? эсвэл үр хөврөл анх бүрэлдэн тогтсоноос эхлэн эдлэх үү? гэх асуудал дээр ихээхэн маргаан үүсдэг.  Хэрэв тухайн эх хүүхдээ төрүүлэхээс татгалзсан  тохиолдолд хүүхдийн амьд явах эрх зөрчигдөж байгаа хэрэг болно. Харин эх нь хүүхдээ төрүүлэхээс татгалзсан ч үр хөврөл анх бүрэлдэн тогтсоноос хүүхэд эрх эдлэх эрх зүйн чадвартай болно гэж үзэн заавал төрүүлэх ёстой гэвэл тухайн эхийн хүсэл зоригийг боогдуулсан хэрэг болно. Энэ үед шударга ёс чухам яаж хэрэгжиж, эрх зүй түүнийг яаж зохицуулах вэ? гэдэг дээр өдгөө хүртэл маргалдсаар байна.

Одоо эрхэм танаас өмнө асуусан асуулт руугаа эргэн орьё. Эрх зүйгүйгээр бид хэр удаан байж чадах вэ?

Мэдээж хүн амьсгалах агааргүй, уух усгүй хэдхэн хором ч байж чаддагүйтэй адил эрх зүйгүйгээр нэг ч хором байж чадахгүй гэвэл хэт өрөөсгөл болно. Үүний нэг тод жишээ бол бидний сайн мэдэх Английн нэрт шог зохиолч Даниель Дефогийн “Робинзон Крузо” зохиол  юм. Энэхүү зохиолд эзэнгүй зэлүүд арал дээр Робинзон Крузо ямар ч хууль цааз, эрх зүйгүйгээр 27 жил 2 сар 19 өдөр амьдран суудаг тухай гардаг.  Эндээс хүн ганцаараа ямар ч хууль  цааз, эрх  зүйгүйгээр  хэдэн ч  жил,  бүр  насан  туршдаа  амьдарч  болно гэсэн

дүгнэлтэнд хүрч болох юм. Гэхдээ энд та “ганцаараа” гэдэг үгийг чухалчлан авч үзээрэй!

Тийм ээ, хүмүүс хамтдаа аж төрж буй газар болгонд дэг журам, дадал зуршил, шаардлага, хорио цээр хэрэгцээтэй байдаг бөгөөд тэдгээр нь бидний  хамтдаа аж төрөхийг зохицуулдаг. Нэг ёсондоо дээр өгүүлсэнчлэн хүмүүс бид үргэлж өөрсдийн эрх ашгийг урьтал болгодог болохоор эрхийн зөрчилдөөн байнга гарна гэсэн үг. Энэ үед эрх зүй зайлшгүй хэрэг болно.

Эцэст нь дүгнэхэд бид өлсөж цангах, хүний наад захын хэрэгцээ дутагдаж хомсдоход шууд л үүнийгээ мэдэрч хэрэгцээ хангахаар ажиллаж эхэлдэг.  Харин бид өөрсдийн эрх, эрх чөлөөг зөрчигдөж байгааг тэр бүр мэдэрч түүнийг хангахыг эрмэлздэг нь юу л бол. Учир нь бид эрх зүй гэж чухам юу байдаг,  яаж бидний амьдралыг зохицуулж, хэрхэн бидэнд үйлчилдгийг сайн мэддэггүй. Хэдийгээр эдийн засаг бол хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн хангах вэ? гэдгийг судалдаг “эдийн” шинжлэх ухаан юм гэдэг шиг тодорхой нэг тогтсон тодорхойлолтод эрх зүй судлаачид одоог хүртэл хүрээгүй байгаа ч хүн бүр эрх зүйн талаар зохих  мэдлэгтэй болох нь чухал.

Эрх зүй нь “өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр”, “хэнийг ч хэн гэхгүй, хээрийг ч алаг гэхгүй” гэдэг шиг тэгш эрх, эрх үүрэг, шударга ёсыг зорилгоо болгодог учир хүний амьдралын сайн мууг дэнслэн тэнцвэржүүлэгч жинлүүр ажээ.


[1] Дам ишлэв. Digesten, 1,1,1.

[2] Г.Радбух. Эрх зүйн гүн ухаан. 1932 он. х.38

[3] Фридрих Шиллер. Вильгельм Телл  х.74

[4] Дам ишлэв. Ж.Локк. Улсыг удирдан захирах тухай хоёр зохиол. х.104

About these ads
Published in: on May 24, 2009 at 7:34 am  Leave a Comment  

The URI to TrackBack this entry is: http://uyangas.wordpress.com/2009/05/24/%d1%8d%d1%80%d1%85-%d0%b7%d2%af%d0%b9-%d0%b3%d1%8d%d0%b6-%d1%8e%d1%83-%d0%b2%d1%8d/trackback/

RSS feed for comments on this post.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: