Магна харти 1215

Монгол Улсын Их Сургууль

Хууль Зүйн Сургууль

Хичээл: ГАДААД ОРНУУДЫН ТӨР, ЭРХ ЗҮЙН ТҮҮХ

Сэдэв:   1215 ОНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ИХ ХАРТИ

Гүйцэтгэсэн: . . . . . . . . . . . . . . . . . . . .   / Эрх зүй I-1 Д.Уянга /

Шалгасан: . . . . . . . . . . . . . . . . . . . . . .   / багш М.Батсуурь /

Удиртгал

1215 оны Эрх чөлөөний их харти нь хүний эрх, эрх чөлөөний институтын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан феодал ангийн баримт бичиг юм. Зарим судлаачид Магна Хартиг хэмжээгүй эрхт хааны эрх мэдлийг хязгаарлахад чиглэсэн байдаг учраас Үндсэн хуулийн дайтай эрх зүйн баримт бичиг гэдэг бол зарим нь хааны бууж өгөх тухай гэрээ ч гэж үзэх нь бий. Үүний зэрэгцээ Магна Харти тунхаг уу? Зохиогч нь хэн бэ? Чухам хэний эрх ашгийг хамгаалж байсан бэ? гээд олон асуултууд ар араасаа гарна. Эдгээр асуултуудад хариу олохын тулд Магна харти батлагдсан үеийн Английн нийгэм улс төрийн байдал, урьдач түүхэн нөхцөл байдал, уг Хартийн бүтэц агуулга зэргийг сайтар дүгнэн шинжлэх нь зүйтэй боловуу гэж үзлээ.

1215 оны Эрх Чөлөөний Их Харти

XII-XIII зууны хооронд гарсан Английн хартиуд дотроос 1215 оны Их Харти нь дан ганц материаллаг хэрэгцээ шаардлагыг илэрхийлэхээс гадна улс төрийн шаардлагаас урган гарсан юм. Харти бол Ионн хаан өөрсдийн эрхийг хамгаалах гэсэн баронуудад аргагүй эрхэд бууж өгсөн тухай бичиг мөн. Тухайлбал: Хартийн 61-р заалтад “…бид Бурхныг дурдахдаа хаант улсаа сайжруулах гэсэн санааг илэрхийлэн, би болон бидний барон хооронд үүссэн маргааныг намтгаах үүднээс дээр дурьдсан бүх айлдваруудыг тэд бат сахин, он удаан жил хэрэгжүүлээсэй гэсэн үүднээс доорхи баталгааг гаргаж байна…” гэсэн нь уг Харти нэг талаасаа бууж өгөх гэрээ болохыг илтгэнэ.

Харти нь феодал ангийн ашиг сонирхлыг илэрхийлсэн 63 заалтаас бүрдэх бөгөөд заалт нь бүлгүүдэд хуваагдаж эмхэтгэгдээгүй.  Гэсэн ч Хартийн гол утгыг судалсны үндсэн дээр гурван бүлэгт хуваан авч үзлээ.[1] Үүнд:

  1. Нийгмийн янз бүрийн давхаргын ашиг сонирхлыг илэрхийлсэн заалтууд    / 2-13, 15, 16, 26, 27, 29, 33, 35, 37, 41, 43, 44, 46-48, 60 /
  2. Хаан шүүх эрх мэдлийг хэтрүүлэн хэрэглэхийг таслан зогсоох, шүүх болон засгийн удирдлага дахь хааны эрх хэмжээг багасгах зорилго бүхий заалтууд / 17-25, 28, 31, 32, 34, 36, 38-40, 42, 45, 54 /
  3. Улс төрийн шинэ тогтолцоог тогтоох болон Үндсэн хуулийн чанартай заалтууд / 12, 14, 61 /

Уг Харти нь нарийн бүлэгт хуваагдаагүй гэж дээ өгүүлсэн иймд цаашид дээрх 3 бүлгийн дагуу ярих болно.

Нийгмийн янз бүрийн ашиг сонирхлыг илэхрийлсэн нь:

Тухайн үед хаант засаг шашин хоёрын хоорондох харилцаа ээдрээтэй байсан тул уг Хартид шашинтай холбоотой заалтууд тусгагджээ. Хартийн 1-р зүйлд шашин сүмийн албатуудыг  “чөлөөт иргэн” хэмээн тооцох болсон.

2-р зүйлд газар болон төлбөрийн харилцааг зохицуулдаг. Мөн 2-р зүйлд гүн, барон, эзэн вангаас газар авсан хүмүүс рельеф төлөх эрхийг бататгасан. 3-5-р зүйлд вассалуудын насанд хүрээгүй өв залгамжлагчдын эрхийг эзэн зөрчих ёсгүй тухай оруулсан. 4,5,37,46-р зүйлд феодалын өмч, 6-р зүйлд өв залгамжлагчийн гэрлэлтийн талаар, 7,8-р зүйлд нударган феодолуудын бэлэвсэн эхнэрүүдийн эрхийг хамгаалах асуудлыг зохицуулдаг. Тухайлбал: 8-р зүйлд “ Аливаа бэлэвсэрсэн эхнэр нь дахин гэрлэхийг хүсэхгүй байгаа тохиолдолд албадуулан гэрлүүлэх ёсгүй” гэж заажээ.

10-11-р зүйлд Еврей мөнгө хүүлэгчдэд төлөх өрийн асуудлыг оруулсан бөгөөд зээлдэгчийн өв залгамжлагч нь насанд хүрсэн байна уу үгүй юу гэдгийг харгалзан үзэхийн зэрэгцээ бэлэвсэн эхнэрийн эрхийг хөндөхгүй байдлаар зохицуулжээ. Тэгэхдээ Харти нь газар болон түүнээс орох орлогын асуудлыг тооцсон ч мөнгөний зээлийн хүүгийн хэмжээнд хязгаар тавиагүй байна.

12-р зүйлд  вассаллууд эзэнг олзноос чөлөөлсөн тохиолдолд, ууган хүүг нь рыцарт өргөмжилсөн эсвэл ууган охин нь нөхөрт гарсан тохиолдолд данс ба тэтгэмж олгогдох тухай заажээ. Энэ тэтгэмжийг хааны нийтийн хурлаар ноогдуулж байхаар болсон нь хааны эрх хэмжээг тодорхой байдлаар хязгаарласан хэрэг юм.

Дараагийн нэг асуудал бол “ойн” асуудал юм.[2] Энэ асуудал 12-13-р зууны үед байнга босч ирж байсан бөгөөд өмнөх харти-д тусгалаа олсон байдаг. Хааны тусгай “ойн” асуудлыг хариуцдаг албатууд байнга газар нутгаа тэлж феодалуудын өмчлөх эрхэд халдаж байсан. 44,47,48-р зүйлд хаанд хохиролтой, харин феодалуудад ашигтайгаар дээрх асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл хааны мэдэлд байсан бүх ойдыг болон голуудыг хааны мэдлийн бус болгосон.

Энэ маягаар дээрх ангиллын дагуу 1-р бүлгийн ихэнх зүйлд уламжлалын дагуу төрөн гарсан нударган баячуудтай харилцах хааны харилцааг зохицуулахад чиглэсэн. Эдгээр зүйлүүд зөвхөн материаллаг хэрэгцээг зааглаад зогсоогүй маш нарийн ширхэгчилсэн зүйлийг тусгажээ. Харин эрхийн харилцааны субьектийг заахдаа бүрхэгдүүлсэн тал бий. /хэн нэгэн г.м /[3] Энэ нэрийн дор нударган баячуудын ашиг сонирхол агуулагдаж байв. Нударган баячуудын сэтгэл хангалуун бус үлдсэн зүйлс болон тэдний ашиг сонирхлыг бататгасан зүйл ангиуд байна. Хааны санхүүгийн бодлого нь феодалуудын зарим нэг ашиг сонирхлыг хөндөж байсан хэдий ч бүхэлдээ бол феодал ангийн ашиг сонирхолд нийцэж байсан. Тйим учраас энэхүү заалт зөвхөн чөлөөт иргэдээс мөлжсөн орлогыг хуваах асуудал дээр л феодалуудын дунд маргаан үүсгэсэн.

Бусад оролцогчид, ялангуяа, рыцарь болоод хотын иргэдийн материаллаг шаардлагыг тусгасан зүйлүүд энэ Хартид нилээн хийсвэр хэлбэрээр тусгагджээ. Хааны албатын харьяат мөн дам харьяатуудын материаллаг ашиг сонирхол 15,16,27,29,60-р зүйлд тусгагджээ. Үүнээс 60-р зүйлд зөвхөн ноёны  харьяатууд руу чиглэсэн шинж чанартай. 15-р зүйлээс бусад нь ноёдуудын харилцааг адил түвшинд зохицуулсан. Ноёдуудтай шууд биш хамааралтай зүйлээс эдгээр зүйлүүд юугаараа ялгаатай вэ гэвэл Хартид ноёдуудын харилцааг дахин нарийн задлаагүй, мөн бүрхэг утгатай ойлголт нилээд байна.

15-р зүйл бол  чөлөөт иргэдээс татвар авахыг хориглосон заалт юм. Гэхдээ 6-р зүйлд заасныг харгалзан үзэх ёстой. Хотын иргэд худалдаачдын ашиг сонирхлын хамгийн сүүлийн хэсэгт 12,13,33,35,41-р зүйлд тусгажээ.

Хартид зарим зүйл анги английн хот, хотынхонд зориулагдсан байдаг. 35-р зүйлд улсын нэгдсэн жин, хэмжээ тогтоосон нь хотынхны төдийгүй худалдаачдын хувьд их ач холбогдолтой юм.

Шүүхийн үйл ажиллагаанд чиглэсэн нь:

XII-XIII зууны үеийн Англид бий болоод байсан формаль шинжтэй “нийтлэг эрх зүй”-н системд нэхэмжлэлийн янз бүрийн хэлбэрүүд буюу мөрдөн шинжлэх тухай эзэн вангийн тушаалууд нэн чухал үүрэг гүйцэтгэж байсан.[4] Эдгээрийг Их Хартиар батлахын зэрэгцээ 18-р зүйлд шүүхийн албан тушаалтнуудын талаар зааж өгсөн байна. Мөн 20-р зүйлд гэмт үйлдэлд оноох шийтгэл нь тухайн үйлдлийн хүнд хөнгөнөөс шалтгаалах тухай зааж өгсөн нь дэвшилттэйгээр үл барам өнөөгийн эрх зүй дэх шүүхийн үйл ажиллагаанд баримталдаг зарчмыг агуулж байна.

24-р зүйлд вангийн  шүүхийн харьяалалд багтах хэргийг шүүх үйл ажиллагаанд шериф, констебль нарт хориглосон нь эзэн вангийн түшмэдүүдийн зүгээс шахалт дарамт үзүүлэхийг таслан зогсоосон хэрэг юм.

36,40 –р зүйлд  цаашид эрүүгийн болон бусад  шүүхийн эрх ба шударга ёсыг наймааны хэлбэрт оруулахгүй гэсэн амлалтыг заасан бөгөөд энэ нь шүүх үйл ажиллагааг шударга явагдах нөхцлийг хангах эх үүсвэр болжээ.  45-р зүйлд мэргэжлийн ур чадвартай , шударга сайн үнэнч шүүгчийг томилохыг шаардсан байдаг нь маш чухал юм.

17,24,36,39,40,45 –р зүйлд шүүхийн үйл ажиллагаанд шударга ёсыг баримтлах ёстой ба шүүгдэгчид шударга хандах тухай асуудлыг тусгажээ.

39-р зүйл бол магна хартийн хамгийн чухал зүйл юм. 39-р зүйлд “Бид аливаа чөлөөт иргэнийг өөрийн оршин суух газрын болон улсынхаа хуулийн дагуу шийтгэгдээгүй тохиолдолд, түүнд баривчлагдах, шоронд орох, өмчгүй болгох, хуулийн дагуу байхаар зарлагдах, ямар нэгэн байдлаар хувь заяагүй болгохгүй.” гэж заасан нь чөлөөт иргэдийг эзэн ноёдын эрх мэдлээс ангид байлгаж, тэдэнд илүү эрх олгоход оршино. Гэхдээ энд “улсын хууль” гэж оруулсан нь энэ заалт нь баронуудад өндөр ач холбогдолгүй харин бусад чөлөөт иргэдэд хамаатай боловуу гэсэн таамаглалыг төрүүлж байгаа юм.

Хартын шүүхийн тухай зүйл нь   төвийн болон орон нутгийн шүүх захиргааны аппаратыг бэхжүүлэн сайжруулахад нөлөөлсөн. Бас чөлөөтүүдийн дунд  тэдний нэр хүнд ихэссэн. Ингээд шүүхийн эрх ямба   болон феодалын толгойлогчдын  улс төрийн нөлөөллийг   таслан зогсооход нөлөөлсөн.

Хартийн Үндсэн хуулийн чанартай заалтууд

Хартын “Үндсэн хуульт” зүйлд ихэнхдээ 12,14,39 ба 61 –р зүйлүүд хамаарагддаг. Хааны  засаглалыг “Үндсэн хууль”-д  зааснаар хязгаарлах  нь   хамгийн гол шийдвэр юм. Хартийг Үндсэн хуулийн чанартай баримт бичиг гэж үзэхийн шалтгааныг тодорхойлон үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд хэд хэдэн асуултанд хариулах  хэрэгтэй.  1-рт, хязгаарлалтын хэмжээ нь ямар вэ?  2-рт ,  ийм  хязгаарлалт  нь ямар давхрагын сонирхлыг татах вэ? 3-рт, ийм хязгаарлалт нь нийгмийн прогрессийн шаардлагыг хангаж байгаа юу?   Өөрөөр хэлбэл Харт нь  нийгэм улс төрийн хүчнүүдийн тодорхой харьцааг тусган, өөрийнхөө нөлөөллөөр улсынхаа улс төрийг  цэгцлэн түүхийн хөгжилд үнэн зөвөөр тусалж чадсан уу? гэдэгт хариулах хэрэгтэй юм. 14-р зүйлд ерөнхий зөвлөлийн талаар дурьдсан байдаг. Уг зөвлөл нь хамгийн том шашны болон  язгууртан феодалууд ба  зөвхөн   хааны шууд харьяатуудаас бүрдэнэ. Ингэснээр хааны дангаар ноёлох эрх мэдлийг хязгаарлаж байгаа юм.

61-р зүйл Хартийн биелэлтэнд хяналт тавих үүргийг 25 бароны зөвлөлд ногдуулсан байдаг бөгөөд  уг зөвлөл нь Хартийг биелүүлэхийн төлөө вангаас шахаж шаардаж байх ёстой хэмээсэн байдаг.

Дүгнэлт

1215 оны Эрх чөлөөний Харти нь хувь хүний эрхийн баталгааг анх хангаж өгсөн баримт бичиг бөгөөд үүгээр дамжуулан хаан болон эзний засгийн эрх хэмжээг хязгаарласанд Магна Хартигийн ач холбогдол оршино. Нөгөөтэйгүүр уг Харти нь дараах ач холбогдлыг өөртөө агуулдаг. Үүнд:

  1. Хаан нь харьяатуудтайгаа  феодалийн ёс заншлаар харьцах
  2. Хант улсын зөвлөлийн шийдвэрээр татвар хураамж авах
  3. Хууль бусаар нэг ч чөлөөт иргэнийг шоронд хийх, эх орноос нь хөөж болохгүй.
  4. Гэрчүүдийн мэдүүлэг дээр тулгуурлан баривчлах ёстой. зэрэг чухал агуулга, үзэл баримтлал бүхий хууль юм.

Магна харти нь дээрх чухал заалтуудыг өөртөө агуулснаараа Английн нийгмийн харилцааг амжилттай зохицуулж ирсэн бөгөөд 1679 он “Habeas Corpus Act” болон 1787 оны АНУ-ын Үндсэн хуулийн үндэс суурь болсон юм.


[1] Хрестоматия памятников феодального государства и права стран Европы, М., 1976. с.78

[2] К.И.Батыра.  Всеобщая история государства и права, М., 1996. с.45

[3] Барг М.А. Исследования по истории английского феодализма в XI-XIII вв.  М., 1962. с.16

[4] Ж.Цэцэгмаа. Гадаад орнуудын төр эрх зүйн түүх. УБ., 2007. 144-р тал

Published in: on June 18, 2009 at 2:45 pm  Leave a Comment  

The URI to TrackBack this entry is: https://uyangas.wordpress.com/2009/06/18/%d0%bc%d0%b0%d0%b3%d0%bd%d0%b0-%d1%85%d0%b0%d1%80%d1%82%d0%b8-1215/trackback/

RSS feed for comments on this post.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: