Сэтгэл зүйн анализ

Монгол Улсын Их Сургууль

Хууль Зүйн Сургууль

СССХУ-ны тэнхим

Намтар: Адольф Гитлер, Уинстон Черчилл, Зигмунд Фрейд

Гүйцэтгэсэн: . . . . . . . . . . . . . . . . . . . .   / Эрх зүй I-1 Д.Уянга /

Шалгасан: . . . . . . . . . . . . . . . . . . . . . .   / багш Б.Золзаяа  /

Нууцад хүрэх нь

Өнгөрсөн үед нууцыг эзэмшсэн удирдагчид өөрин нууцаа хэнд ч үл хэдлэг байжээ. Иймээс бид нууцийг эзэмшсэн гартаа атгасан хүмүүс хэмээн Адольф Гитлер, Уинстон Черчилл, Зигмунд Фрейд нарыг үзлээ.

Яагаад тэднийг сонгосныг та тэдний намтарыг уншиж үзэн, тэдний бүтээлүүдтэй танилцаад ойлгох буй заа. Үүний зэрэгцээ тэд нэгэн цаг үед хамтдаа амьдарч байсан хүмүүс бөгөөд нэг нэгнийхээ үзэл бодлыг шүүмжилж, нэг нэгнийгээ үзэн яддаг байжээ.

Гэсэн ч тэд “Нууц”-ыг эзэмшсэн хүмүүс байснаараа хоорондоо төстэй юм.

Таны бодол санаа бүхэн бодитой. Энэ бол хүч. Прентис Малфорд / 1834-1891 /

Адольф Гитлер

Picture1Адольф Гитлер 1889 оны 4-р сарын 20-ны өдөр Австир-Германы хил дээрх Бранау хотод эцэг Алоис Гитлер (1837—1903), эх Клара Гитлер (1860—1907)-ийн гэрт төржээ. Түүний эцэг Алоис Гитлер нь гаалийн байцаагч байсан бөгөөд 16 нас хүртлээ өөрийн эх нэр болох Шикльгрубер гэх овгоор овоглодог байснаа дараа нь эцгийн овог Гитлерээр овоглох болжээ. Алоис Гитлер хоёр удаагийн бүтэлгүй гэрлэлтийн дараа 1885 оны 1-р сарын 7-нд Адольфын эх болох Кларатай хуримлажээ.

Адольф 6 наснаас Фишлам дахь тосгоны сургуульд явж эхэлжээ. 1897 оны 6-р сараас 1899 оны 1-р сар хүртэл Ламбахын сүмийн сургуульд суралцжээ. Түүний гэр бүл нь байнга нүүж байдаг тул тэрээр 3 удаа сургуулиа сольжээ. Сургуульд суралцаж байхдаа ихэнх хичээлдээ тааруу дүнтэй суралцдаг байсан ба гагцхүү зураг, түүхийн хичээлдээ ихэд сонирхолтой байжээ. Мөн Германы зохиолч Карл Фридрих Май-ийн романуудыг ихэд сонирхон уншдаг байв. Алдартай зураач болохыг мөрөөддөг байсан тул тухайн үеийн алдартай зураачдын зургийг хуулбарлан зурахын зэрэгцээ өөрөө бие дааж зураг зурах болжээ. Эхийгээ нас барсны дараа 1907 онд Венийн дүрслэх урлагийн Академид сурахаар хэд хэдэн удаа оролдсон ч тэнцсэнгүй. Тухайн үеийн Академийн ректор нь хожим нь “Гитлерийн авчирсан зурагнууд ямар ч зураачийн мэдрэмжийг надад төрүүлээгүй. Гэхдээ түүнд архитекторын ур чадвар байсан.” гэж бичсэн байдаг.

Picture21914 оноос өмнө сургуулиас хөөгдөж, тодорхой сургууль ажилгүй Австрид амьдарч байсан ажээ. Дараа нь Германд (Баварт) ирсэн бөгөөд үндэсний үзэл (национал-социалист), үндэстнийг хавчин гадуурхах үзэл (Антисемитизм-еврей нарыг хавчин хяхах харгис үзэл гэж анх гарсан)-ийг яс махнаасаа дэмжигч төдийгүй “онолыг” Picture3боловсруулалцсан хүн байв. Дэлхийн нэгдүгээр дайны үед цэргийн алба хааж, хоёр удаа хөнгөн шархадсан, Кайзерийн армийн бага дарга цолтой байсан бөгөөд хожим цэргийн гэгээрлийн асуудал эрхэлсэн офицер болсон боловч офицерийн хэргэм, цол, мөрдөс хэрэглэж үзээгүй юм. Тэр дайны дараа Мюнхений рейхверийн сөрөг тагнуулын газарт нууц мэдээлэгчээр ажиллаж байв. Yндэсний-социалист намын (1919 онд) зохион байгуулагчдын нэг, 1920 оноос фюрер (жолоодогч) болжээ. Түүнд уг намын гишүүний No.7 батлахыг гардуулсан аж. Намын болон үндэсний социалист хөдөлгөөний удирдагчийн хувьд хурал, цуглаан, жагсаал зохион байгуулж, түүнд голдуу өөрөө үг хэлдэг байжээ. Тэр нам, хөдөлгөөний тамга, таних тэмдэг, бэлэгдэл, сонин, хожим далбааг санаачилсан, уран зураг сонирхдог, түүхээс бусад шинжлэх ухааныг тоодоггүй хүн байжээ. Анх фашизмын далбаа сүлд, таних тэмдэг, ханцуйвч тэмдгийг зохиохын тулд Герман даяар төсөл зарлаж олон мянган төслийг хүлээн авчээ. Гэхдээ Гитлер өөрөө олонтаа зурж, дүрсэлж, хийснээ голж, хичээнгүйлэн оролдож, бусдын төсөлтэй харьцуулан үзэж, удтал тунгаан бодсоор ертөнцийн гурван хурц Picture4өнгөний зохицлыг олж (хар-улаан-шар)(хар-цагаан-шар)(цагаан-улаан-хар) гэсэн төслийг хийж үзээд өргөн олон түмний хараа булааж, сэтгэлийг гижигдэж, сэрдхийлгэх Улаан-цагаан-хар гурван өнгө дээр тогтсон байна. Тэр энэ гурван өнгийг шилж аваад олон удаа төслөө зуржээ. Эцэст час улаан дэвсгэр дээр, цав цагаан дүгрэг байрлуулж, тэр цагааны голд хас хээг (түмэн наст хээ) тас хараар зуржээ. Ингэж Гитлерийн фашизмын, төрийн туг, далбааг бүтээсэн түүхтэй. 1923 оны арваннэгдүгээр сард генерал Э.Людендорфийн хамт Мюнхенд цэргийн эргэлт зохион байгуулж, Веймарийн улсын байгууламжийг унагаж, хөрөнгөтний ардчиллыг устгах зорилттой тэмцсэн юм. Төдөлгүй тэдний байгуулсан тоглоомын засгийн газар цохигдож, А.Гитлер баригдаж, 5 жилийн ял сонсож, Ландесберг цайзын шоронд суужээ. Тэнд 1924 онд “Миний тэмцэл” (Майн Кампф) номоо бичжээ. 1923 онд нам нь орон даяар хориглогдож, үндэсний-социалист хөдөлгөөн нууц байдалд орсон юм. 1925 онд шоронгоос гарч санхүү-монопольчлогчдын хүрээнийхний тусламжтайгаар үндэсний-социалист ажилчны намаа сэргээн байгуулсан юм. Арьстаны үзэл, “амьдралын орон зайн” онол боловсруулжээ. А.Гитлер томоохон монопольчлогчдын тусламжтайгаар 1923 онд ерөнхийлөгч Н.Гинденбургийн томилгоогоор Рейхканцлерийн (1933) байранд гарсан ажээ. 1934 оны наймдугаар сард Гинденбургийг үхсэний дараа Гитлер мөн ерөнхийлөгчийн үүргийг давхар хүлээн авчээ. Герман улсын Ерөнхийлөгч болсон даруйдаа хууль хяналтын болон гүйцэтгэх засаглалыг гартаа авч төвлөрүүлэн, аллага, гүтгэлэг, сүрдүүлэг, залхаан цээрлүүлэлтийн замаар улс орондоо фашист дэглэмийг тогтоож чадсан юм. Ардчиллын бүх байгууллага, хөдөлгөөнийг устган дарж, дайнд идэвхтэй бэлдэж эхэлжээ. 1938 оноос Гитлер Германы зэвсэгт хүчний ерөнхий дээд командлагч болжээ. А.Гитлерээр толгойлуулсан фашистын Герман анх Испани улсын эсрэг зэвсэгт түрэмгийлэл үйлджээ. (1936-1939). Дараа нь энэчлэн Австрийг эзлэн авч (1938), Чехословакт халдан довтолж (1938-1939), түрэмгийлэгчдийн бүлэглэлийг бий болгож 1939 оны 9 дүгээр сарын нэгэнд Польш руу довтолсноор дэлхийн хоёрдугаар дайныг дэгдээжээ. 1941 оны зургадугаар сарын 22-ны ням гаригийн өглөө Зөвлөлт Холбоот Улсад дайран оржээ. Дэлхийн дайн бараг таван жил үргэлжилж дэлхийн 36 орон хөлд нь чирэгдэж 70 сая хүний амь нас залгисан түүхтэй. 1945  оны 4-р сарын 30-ны өдөр эхнэр Эва Браун болон хайртай нохой Блондигийн хамт амиа хорложээ. Зарим хүмүүс түүнийг амиа хорлож үхсэн гэдгийг үгүйсгэдэг. Гэсэн ч тэрээр дэлхий түүхийг орвонгоор нь эргүүлсэн нэгэн юм.

Адольф Гитлер хэн байв?

Жирийн нэг гаалийн байцаагчийн гэр бүлд төрсөн Адольф Гитлерийг ээж нь хэвлийдээ байхад нь үр хөндүүлэх гэж байсан мөн амиа хорлох гэж байсан хэмээн янз бүрээр ярилцдаг. Гэсэн хэдий ч түүнийг бурхан тэнгэр ивээсэн үү эсвэл чөтгөр  нь ивээсэн үү ямартаа ч тэр энэ хорвоод мэндэлж хүн төрөлхтний түүхэнд өөрийн нэрийг томоос том, тодоос тод үлдээсэн юм.  Мэдээж хэрэг 70 сая хүний аминд хүрсэн их дайныг өдөөсөн, 6 сая еврейчүүдийг хомроглон устгасныг нь бодвол тэр яавч эрүүл хүн биш мэт сэтгэгдэл төрнө. Гэхдээ түүний бичсэн “Майн Picture5Кампф” буюу “Миний тэмцэл” номыг уншсан дараа Гитлерийг бие хүнийх нь хувьд хэн бэ? гэдгийг бага ч гэсэн ойлгосон юм. Тэрээр өсөхөөсөө ганцаардмал зожиг, бусад хүүхдүүдээс бие жижиг, сульдаа биетэй хүүхэд байжээ. Иймээс өөрийгөө бусдаас дутуу хэмээн үздэг байсан бөгөөд ихэнх цагаа ганцаараа өнгөрөөдөг байжээ. А.Адлерийн 1907 онд “Эд эрхтний дутуу байдал” номондоо “Бүх хүнд эд эрхтний дутагдал байдаг. Хэрвээ хүн бусдаас дутуу гэдгээ илүү анхаарвал нийгмээс холдоно. Эсвэл сэтгэл зүйн бүтэн байдалд орно.” хэмээн бичсэн байдаг. Үнэхээр ч тэрээр өөрийн дутагдлуудыг засахаар ихэд оролддог байжээ. Мөн Адольф хүмүүс бусдыг гадаад өнгө төрх, зүс царайгаар нь дүгнэж харьцдаг гэдгийг мэддэг байсан бөгөөд гагцхүү хүмүүс хичнээн  царай муутай, ноорхой хувцастай байсан ч бусдыг алмайртал ярьж чаддаг хүнийг даган биширдэг гэдгийг анзаарч харсан байна. Иймээс Адольф өдөрт 4 цаг толины өмнө өөрөө өөртөө үг хэлж, биеийн хэлэмж, хөдөлгөөний өнгө аясыг бэлдэж сургуулилдаг байжээ. Ингээд тэрээр шилдэг илтгэгч, ухуулагч болсон.

Түүнийг сайн архитекторч болох байсан гэж дээр өгүүлсэн. Үнэхээр ч түүний зурсан зурагнуудыг харахад зурагнуудаас нь Адольф Гитлер тийм ч муу хүн байгаагүй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тэрээр голчлон цэцэгс болон байгалийн дүр зургийг зурдаг байсан байна. Ялангуяа цэцэгсийн зураг нь үнэхээр тайван сэтгэгдэл төрүүлдэг атлаа бас дэврүүн тэмүүлэл дүүрэн мэт ажээ. Мөн гоо зүйн өндөр мэдрэмжтэй нэгэн байжээ. Зурагнууддаа тод өнгө их ашигладаг байсан нь түүнийг аливаа юмыг хийхээр маш их тэмүүлдэг, зөрүүд, эрч хүчтэй, сэтгэл санааны хувьд байнга өөрчлөгдөж байдаг тогтворгүй зан авиртай нэгэн байсан гэдгийг илтгэнэ.

Picture6Адольф Гитлерийн тавьсан илтгэлүүдийг уншихад хэн бүхэнд тэрээр хурц ширүүн хэллэгтэй, доромж үгэнд дуртай, маш олон талын сонирхолтой, тогтсон мэргэжилгүй, боловсрол багатай, амьдралыг нэг талаас (зөвхөн өөрийнхөөрөө) хардаг, догшин авиртай, атаархал жөтөөрхөл, худалч бялдууч, аймхай занг үзэж чаддаггүй хүн байсан гэдэг нь харагдах болно. Мэдээж түүнийг сайн илтгэгч байж, олон түмнийг байлдан дагуулахад түүний илтгэх чадвараас гадна түүний аливаа юманд ихэвчлэн сэтгэлийн хөөрлөөр хандах нь их нөлөөлдөг байсан боловуу. Тэрээр өөрийн илтгэлдээ сэтгэлийн хөдөлгөөнөө шууд ил тодоор илэрхийлдэг байсан байна.

Хэдийгээр тэрээр хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэмтэн хэдий ч үхэн үхтлээ өөрөө өөртөө үнэнч байж, өөрийн үзэл бодлоо хамгаалсан бөгөөд Гитлерийг өөрөөс нь өөр хэн ч хөнөөж чадаагүй юм.

Уинстон Черчилл

Picture71874 оны намар түүний ээж нь хүмүүсийн хоригийг үл ойшоон 7 сартай жирэмсэн эмэгтэй нэгэн үэдшлэгт очсон байна. Ингээд үдэшлэг ид дундаа явагдаж байх үед залуу хатагтайн бие муудан, түүнийг тухайн үед зочдод хувцсаа солиход зориулан зассан нэгэн өрөөнд оруулжээ. Ийнхүү 1874 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Уинстон Черчиль хувцас солих өрөөнд төрөх өдрөөсөө 2 сарын өмнө төрсөн байна. Түүний төрсөн энэ өрөө нь Англид одоо музей болон үлдсэн байдаг. Черчиллийн эцэг Рандольф Черчилль төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан бөгөөд сангийн сайд байхдаа ерөнхий сайдтай муудалцсаны улмаас огцорч улс төрийн карьер нь дуусчээ. Черчилиг 8 нас хүрэхэд түүнийг Сент-Жоржын бэлтгэл ангид оруулжээ. Тэрээр хичээлдээ тийм ч сайнгүй байсан гэдэг. Түүнийг 21 настай байхад нь буюу 1865 онд эцэг нь нас баржээ.

Черчиль ер нь өөрөө сурлагаар сайн хүүхэд байгаагүй юм. Тэр 3, 4 удааPicture8 шалгалт өгөн барин морин цэргийн сургуулийг 1895 оны 2-р сарын 20-нд төгссөн юм. Ингээд тэр цэргийн албанд орсон бөгөөд түүний өмнө армид карьер хийх боломж гарсан бөгөөд тэр энэ шатны хамгийн эхнийх дээр нь зогсож байлаа.  Түүний  эхний томилгоо нь Куба байжээ. Тэрээр куб рүү дайнд явахдаа “Daily Graphic” сонинтой гэрээ байгуулж тэдэн рүү нийтлэл илгээхээр болж түүндээ урамшуулал авахаар тохиролцсон юм. Тэрээр кубд байхдаа испанчуудаас тамхи татах, өдрийн дунд унтах заншлыг олж авсан юм. Энэ заншил түүний амьдралын туршид хэвээр үлдсэн билээ. Түүний алба хашиж байсан 4-р салаа нь дараа энэтхэг рүү явсан юм. Бомбейд буухын өмнө түүнд золгүй явдал тохиодож түүний баруун гар нэлээд гэмтдэг. Үүнээсээ болж тэрээр өөрийн дуртай полог ч тоглож чадахаа больсон юм.

Энэтхэгт цэргийн алба хашиж байхдаа Лондон руу ээж рүүгээ түүх, философийн талаархи  номыг захин түүнийг шимтэн уншдаг байлаа. Ер нь тэрээр Их сургуулийн бүрэн боловсролыг хэзээ ч олж авч чадаагүй юм. Тэрээр Гиббон, Маколей, Платон, Шопенгаур нарыг ихэд уншдаг байсан бөгөөд дараа нь түүний бичсэн уран бүтээл нь ч тэднээс нэлээд жишээ авсан нь харагддаг. Энэтхэгийн зүүн хойд хил дээр Малакаданы ойролцоо нэгэн аймгийнхан бослого гаргасан юм. Тэрээр тэднийг дарахад идэвхитэй оролцохын зэрэгцээ Дэли Телеграф сонинд “залуу офицер” гэсэн нэртэйгээр өөрийн нийтлэлүүдийг явуулж байлаа. Тэдгээрийг нь ч уншигчид тааламжтайгаар хүлээн авч, энэ материал нь түүнд цаашид бүтэн ном бичихэд нь хэрэгтэй байлаа. 1898 оны гуравдугаар сард “Малакаданскын явган цэргийн тухай тууж, 1897 онд “ Хил дээрхи дайны эпизод” нэртэйгээр Уинстон Черчилийн анхны ном гарсан юм. Ойролцоогоор 300 хуудас ном болсон. Ном амжилт олж, 1899 онд хоёр дахь дахин засварласан хувилбар нь гарсан юм. 23 настай, харьцангүй хязгаарлагдмал боловсролтой офицерийн хувьд энэ нь томоохон амжилт байсан бөгөөд тэрээр үүгээрээ сэтгүүл зүйд өөрийн зайг бий болгож, тодорхой нэр алдартай болж, мөн үүний зэрэгцээгээр тэрээр өөртөө дайсанг бий болгосон байсан. Залуу хошууч бүтээлдээ армийн генералуудыг сургаж, тэдэнд хэрхэн дайныг зөв удирдах талаар заасан нь тэдэнд мэдээж таалагдаагүй юм. . Тэрээр удалгүй анхны романаа гаргасан бөгөөд “Саврола” гэдэг нэртэй байсан. 1899 онд Судан явсан ба тэндээсээ эргэж ирэн Судан дахь дайны тухай “Эрэг дээрхи дайн” нэртэй 2 боть романаа 1899 оны 10 сард гаргажээ. Тэрээр энэхүү зохиолдоо Судан дах дайныг удирдаж байсан генерал Китченерыг асар ихээр муулж бичсэн бөгөөд тэрээр хэрхэн үхсэн Судан цэргүүдийн дээрээс дахин дахин буудаж тэднийг үл хүндэтгэж байсан талаар бичсэн байна. 1899 оны 6 дугаар сард Уинстон Консерватив намын төв хороонд очиж гишүүн нь болжээ. 1899 оны 6 дугаар сард Черчилль Олдемд (консерватив намаас сонгогдсон парламентын гишүүний үхэлтэй холбоотойгоор) албан ёсоор Консерватив намаас нэр дэвшсэн юм. Гэсэн ч энэ оролдлого нь талаар болжээ. Үүний дараа тэрээр Африк явж Англи-Бурийн дайнд оролцжээ. Тэрээр энэ удаад тагнуулын үйл ажиллагаанд цэргүүдийн хамт явж байгаад олзлогджээ. Улмаар тэндээс оргон амьд үлдэж чадсан. Бурууд мэдээж түүнийг хайн түүний толгойг авчирсан хүнд 25 фунт өгөхөөр амласан байлаа. Ингээд тэр долоо хоногт нь Английн арми нэлээд том том ялагдал хүлээсэн байсан учир олон нийтийг тайвшруулах үүднээс ганц сайн мэдээ болох Черчиль оргосон талаархи мэдээллийг маш их цацаж, тэр хэмжээгээр Черчилль ч өөртөө улс төрийн капиталыг хуримтлуулж байлаа. Тэрээр дайны тухай хоёр боть номоо 1900 онд хэвлүүлсэн бөгөөд гурван жилийн дараа 6 боть болгон дахин хэвлэлтэнд гаргасан юм. 1901 онд Английн дарламентад “дайны баатар” гэсэн алдараараа орж чадсан байна. Түүнд маш том зорилго байсан тул тэрээр 1903 онд Консерватив намаас гарч Либерал намыг тших болсон. Тэрээр 1910 оны 2-р сарын 14-нд дотоод хэргийн сайд болж, 1921 онд Колонийн хэргийн яамны сайд болжээ.

Тэрээр Наполеоныг сонирхож эхэлсэн. Тэрээр Африк руу удаан хугацааны аялалд явахдаа наполеоны тухай номнууд авч явдаг байсан бөгөөд сайд хүн хэдий ч “Стрэнд Мэгэзин”-д төлбөртэй нийтлэл бичихээр тохиролцжээ. Улсынхаа төлөө намаасаа илүү анхаардаг байсан тул түүнийг Георг ҮI 1940 оны 5-р сарын 10-ны өдөр албан ёсоор Улсын ерөнхий сайдаар томилжээ. Ингээд тэрээр эцгийнхээ суухыг Picture9хүсч байсан суудалд суусан юм. Уинстон Гитлерийн фашизмын эсрэг дайнд Английн орныг удирдан оролцуулсан бөгөөд ЗХУ-ын цэрэгтэй хамтран ялалт байгуулжээ. Түүний гаргасан гавьяаг үнэлж хатан хаан 1953 оны 4-р сарын 24-нд Лорд цол олгожээ. Мөн энэ оны 12-р сарын 10-нд уран зохиолын чиглэлээр Нобелийн шагнал хүртжээ. 1955 оны 4-р сарын 5-нд Ерөнхий сайдын суудлаа орхижээ. Черчилл 1964 оны 1-р сарын 24-нд нас баржээ. Түүний Английн парламентад ёс төлөвшилтөд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн түүний хөшөөг английн парламентийн өмнө босгосон байдаг.

Уинстон Черчилл хэн байв?

Хорьдугаар зууны Дэлхий дахины түүхийг Черчиллгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Мөн Черчиллийг Хорьдугаар зууны түүхгүйгээр төсөөлөхөд тун бэрх. Тэрээр Нобелийн шагналт зохиолч бөгөөд энэ шагнал нь нэг талаараа уран зохиолын авьяасаас илүүтэйгээр түүний эр зоригийг үнэлсэн шагнал боловуу. Учир нь түүний бүтээлүүдэд ялангуяа залуу насандаа бичиж байсан бүтээлүүдэд тухайн үеийн генерал, цэргийн удирдагч, улс төрчдийг зоригтойгоор шүүмжилсэн өнгө аяс байдаг. Уинстон цэргийн сургуульд хэд хэдэн удаа шалгалт өгөөд унасан ч бууж өгөлгүй цэргийн сургуульд орж чадсан. Мөн Английн бусад улстай хийж байсан дайнд маш зоригтойгоор оролцсон “Баатар” юм. Түүнчлэн сайн уран илтгэгч байжээ. Харин тэрээр багаасаа тийм уран цэцэн үг яриатай байсан уу гэвэл үгүй. Эцэг эхийн анхаарал сул байсан болоод ч тэр үү ээрч муйрдаг, хазгай солгой хэллэгтэй, сурлагандаа тааруухан байжээ. Гэсэн ч түүнд туйлны зорилго байсан юм. Үүний үр дүнд түүнд зоригийн сайн шинжүүд бий болжээ. Зоригийн шинж чанарууд сайн хөгжсөн тул зоригтой, тэвчээртэй, мөн өөртөө тун итгэлтэй болж өсчээ. Өөрийн хэл ярианы асуудлыг тэрээр англи хэлийг маш ихэд сонирхож үг бүрийн утгыг нэг бүрчлэн судалжээ. Илтгэл бүрдээ гайхамшигтай үгийн хослолыг оруулж сонсогчдоо байлдан дагуулж чаддаг. Үүнийгээ тэр: “ Үгэнд өөр сонголт байхгүй болтол нь шигшилт хийж, сувдан сондор мэт товойлгон онцлох хэрэгтэй.” гэж тайлбарласан байдаг. Тэгэхээр тэр хэл ярианы асар өндөр чадвартай нэгэн байжээ. Энэ нь түүнийг сэтгэхүйн өндөр чадвартай нэгэн болохыг давхар илтгэнэ.

Уинстон багаасаа л даахирсан үстэй, пагдгар намхан, хүний тэвчээр барсан зөрүүд нэгэн байжээ. Мөн тоглоомон цэргүүдээр тоглоход хамаг цагаа бардаг байжээ. Энэ нь ирээдүйн их цэргийн удирдагч, командлагч болох эхлэл байв. Тэрээр өөрийн амьдралд хэрэгтэй гэж бодсон зүйлээ дадал зуршил болгож чаддаг байсан ба биеэ амраахын тулд өдөр унтахийг, улс төрийн имижийг бүрдүүлэхийн тулд испаничуудаас тамхи татахыг, үргэлж эрүүл байхын тулд өдөр бүр орны цагаан хэрэглэлээ солих гээд олон дадал зуршлуудыг амьдралдаа хэвшүүлжээ. Хожим нь тэр өөрийн намтартаа энэ бүх дадал зуршил түүний амьдралд маш их хэрэг болж, амжилтанд хүрсэн гол нууц байсан гэж бичсэн байдаг.

Түүнийг Нобелийн шагналтан гэж дээр дурьдсан билээ. Черчилл зохиол бүтээлүүдээ маш богино хугацаанд бичиж дуусгадаг байсан гэдэг. Энэ нь түүний яаруу зантай холбоотой ажээ. Ямар ч нөхцөлд анхаарлаа төвлөрүүлж, зөв хуваарилж  чаддаг байсан нь дайны үед ч олон гайхалтай бүтээлүүд гаргахад дөхөм болжээ. Түүний бичсэн нийтлэлүүд нь дайны үед цэргүүдийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж, урам зоригийг нэмэгдүүлж байжээ.

Мэдээж хүн л болсон хойно алдаа дутагдал түүнд байсан ч түүнийг 2002 онд Тайм сэтгүүлээс бүх цаг үеийн шилдэг удирдагчаар тодруулжээ. Учир нь тэр өөрийгөө ялж чадсан хүн байсан юм.

Зигмунд Фрейд

Picture10Австрийн нэрт сэтгэл судлаач, сэтгэл мэдрэлийн эмч Зигмунд Фрейд 1856 оны тавдугаар сарын 6-нд Фрейбург хэмээх жижигхэн хотод ноосны худалдаачны гэр бүлд мэндэлжээ. Түүнийг дөрвөн настай байхад нь тэдний гэр бүлийн санхүүгийн байдал хүндэрч Вена руу нүүн иржээ. Тэрээр Венад 1938 он хүртэл амьдарч байгаад фашизмаас зугтааж Англи руу цагаачилсан юм. Хэдийгээр Фрейд найман ам бүлтэй, ядуухан айлд төрсөн ч сурлага сайтай хүүхэд байв. Гимназид ороод ч тэрбээр маш сайн сурч байсан аж. З.Фрейд еврей байсан учраас тэр үеийн бичигдээгүй хуулиар анагаах ухаан болон хууль эрхээс бусад мэргэжлийг эзэмших нь түүнд хориотой байсан аж. Ингээд Ч.Дарвин, В.Гетё нарын нөлөөгөөр тэр 1873 онд Венийн их сургуулийн анагаах ухааны факультетад орж суралцсан байна. Венийн их сургуульд тэр бусад оюутнуудаас илүү 3 жил буюу нийт 8 жил суралцжээ. Фрейдийг еврей гаралтай хэмээн гадуурхаж, түүнтэй доод зиндаанд харилцаж байв. Гэвч энэ нь түүнд зорьсондоо хүрч бэрхшээлийг даван туулах чадварыг бий болгожээ.  Тэр суралцахын зэрэгцээ Эрнст Брюкегийн физиологийн институтэд ажиллаж байжээ. Фрейд гистологийн чиглэлээр бие даасан судалгаануудыг хийж, анатоми, неврологийн салбарт олон тооны өгүүллүүдийг нийтлүүлж байв. 26 насандаа Венийн их сургуульд анагаах ухааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан хэдий ч Брюкегийн институтэд ажиллах боломж олдсонгүй. Энэ үед Фрейд анхныхаа дурлалтай учирч, хэрэв гэрлэхэд хүрвэл гэр бүлээ тэжээх хангалттай цалинтай байх ёстойг сайтар ухааран, дургүй байсан ч хувиараа практик ажил хийж эхэлжээ.

Түүнд эрдэм шинжилгээ, судалгааны ажил нь маш их сонирхолтой хэвээр байв. Эхлээд тэр мэс заслын эмч, дараа нь сэтгэц засалч, сүүлд нь Венийн нэгдсэн эмнэлэгт “гэрийн эмч”-ээр ажиллажээ. Энэ хугацаанд тэрээр психиатрийн курс дүүргэж түүний сонирхол нь сэтгэцийн эмгэг болон бие махбодийн өвчний асуудал руу татагдаж эхлэв. Ингээд 1885 онд түүнд аз тохиож тэрээр Венийн их сургуульдаа багшлах болов.

1884-1887 онд Фрейд кокаинтай холбоотой хэд хэдэн судалгаануудыг хийснээс кокаины сэргээх шинж чанар нь түүний гайхлыг татжээ. Тэрээр кокаиныг биеийн болон оюун санааны туйлдсан үед хэрэглэж болох талаар бичиж байсан боловч түүнээс гарах хор уршгийн талаар бусад судлаачдын саналтай нэгдэж, удалгүй энэ судалгаагаа орхисон юм. Брюкегийн тусламжтайгаар Фрейд Парист Шаркогийн удирдлага дор ажиллаж  байхдаа хийрхэж хашгичиж загнадаг эсвэл муужирч унадаг өвчтөнүүд нь сэтгэцийн өөрчлөлттэй холбоотой байдгийг нээжээ. Энэ өвчний гарал үүслийг зөвхөн сэтгэл зүйн үүднээс тайлбарлаж болох юм гэсэн дүгнэлтэд хүрчээ. Фрейд ахмад үеийнхнээс нэлээд нэрд гарсан сэтгэл мэдрэлийн эмч Брейертэй хамтран 1895 оноос хийрхэж бахардах өвчнөөр өвчлөгсдийг ховсдон унтуулж, өвчнийг үүсгэсэн үйл явдал, тохиолдлуудын тухай яриулдаг Picture11байв. Зарим тохиолдолд өвчтөнүүд уйлж, сэтгэл санаа нь ихэд догдолж байсан нь тэдний эдгэх нэгэн нөхцөл болж байжээ. Брейр энэ аргаа катарсис (цэвэрших гэсэн утгатай латин үг) гэж нэрлэж байв. Энэ арга нь Фрейдийн сонирхлыг ихэд татаж, тэрээр тухайн ондоо багтааж “Хийрхэх өвчин судлал” хэмээх ном туурвижээ. Фрейд уг хамтарсан ажлаа дүгнэн хийрхэж бахардах өвчнөөр өвчлөгсдийн өвчний шинж тэмдэг нь амьдралын үйл явдлын үр дагавар юм. Ингэхлээр анагаах арга нь уг үйл явдлыг сэргээн сануулахад оршино гэж бичиж байв. Тэр ховсдох аргыг сонирхож эхлэв. Өвчин хүндэрсэн тохиолдолд ховсдон унтуулах нь өвчтөний зүгээс эсэргүүцэлтэй тулгардаг явдал нь шинэ арга замыг хайхад хүргэжээ. Тэр ихэвчлэн эмэгтэйчүүдийн зан араншин, өвчинг судладаг байв. Эмэгтэйчүүд эмзэг сэтгэлтэй хүмүүс тул тэдэнд хашгичин гуугчиж, дэвсэлж бахардан унах, толгой тархи нь өвдөх явдал элбэг тохиолддог аж. 1896 онд Фрейд анх удаа “психоанализ” хэмээх нэр томьёог сэтгэцийн процесс, үйл хөдлөлүүдийг тайлбарлах замаар сэтгэл санааны хямралтай өвчтөнүүдийг эмчлэх аргадаа хэрэглэсэн байна. 1900 онд Фрейдийн олонд алдаршсан “Зүүд нойрыг тайлбарлахуй” зохиол нь хэвлэгдэн гарчээ. Хожим нь 1931 онд зохиолч уг номынхоо талаар дурдахдаа “Миний бодож байгаагаар энэ ном нь миний нээх завшаан олдсон нээлтүүдийг агуулж чадсан юм” хэмээн бичсэн байдаг. 1901 онд “Ердийн амьдралын психопатологи”, 1905 онд “Сексийн шинэ чанарын тухай  онол”, “Нэгэн хийрхлийн түүхээс” зэрэг Фрейдийн бүтээлүүд гарав. Тэрбээр 1910 онд АНУ-ын Кларкын их сургуульд урилгаар лекц уншин түүний зохиол бүтээлүүд нь англи хэлээр хэвлэгдэн гарч байв. З.Фрейдийн онол, үзэл баримтлалыг сонирхогчдын тоо улам ихээр олширч байлаа.

Picture121910-1913 оны хооронд “Леонардо Да Винчи”, “Шүтээн ба хориг” зохиолууд нь хэвлэгджээ. Фрейдийн неврозыг эмчлэх арга нь бие хүн ба түүний хөгжлийн тухай сонгодог сургааль болон хувирчээ. Харамсалтай нь 1923 онд Фрейд нүүрний арьсны хавдраар өвчилж нийт 33 удаа хагалгаанд орсон боловч амжилт олсонгүй. Гэвч Фрейд өвчнөө үл тоон маш их ажиллаж байжээ.Түүний бичсэн зөвхөн түүвэр зохиол нь бүгд 24 боть болдог. Фрейдийн нэр, зохиолууд нь алдартай болох тусам түүнийг шүүмжлэгчид ихэсч байлаа. Учир нь Фрейд хүний төрх байдлын далд шалтгаан бүхнийг бүхэл бүтэн тогтолцоонд тайлахыг зорьж, хүний сэтгэцийн хамгийн эмзэг нууц, хамгийн бага судлагдсан нууцыг тайлсан нь тухайн үедээ шүүмжлэлд маш их өртөж байсан юм. 1933 онд Германд нацистууд засгийн эрхийг авсаны дараа Зигмунд Фрейдийн сургаалийг хүний эсрэг хэмээн зарлаж зохиол бүтээлүүдийг нь галдан шатааж байжээ.  Тэрбээр 1938 онд Лондонд очоод алдарт зохиолч Стефан Цвейг, Испанийн сод зураач Сальвадор Дали нартай танилцаж нөхөрлөсөн аж.. Зигмунд Фрейд жилийн дараа буюу 1939 оны есдүгээр сарын 23-нд эмчлэгч эмчээрээ унтуулах тариа зориуд хийлгэж мөнх бусыг үзүүлжээ.

Зигмунд Фрейд хэн байв?

“Би энэ элдэв зүйл бичигчдийг үзэн ядаж байна. Хэн ч миний хувийн амьдралд оролцох эрхгүй гэж хичнээн дахин хэлдэг юм бэ” хэмээн Зигмунд Фрейд гартаа нэгэн цаас барьчихсан хашгичиж байлаа. Энэ этгээд ааштай эрхмийн тухай Австрийн нэрт зохиолч Стефан Цвейг л бичиж зүрхэлжээ. Хэрэв Цвейг биш өөр хэн нэгэн хүн бичсэн бол Зигмунд Фрейд тэрнийг нь лавтайяа устгах байсан биз. Үнэхээр тэр сонин ааш зантай нэгэн байжээ.  Тухайлбал тэрээр ухаангүй дурласан бүсгүйдээ танилцаад удаагүй байсан ч “Зураач уран барималчдын гоо сайхны ойлголтоор авч үзэх юм бол чамайг үзэсгэлэнтэй бүсгүй гэхэд хэцүү юм” гэж бичиж байв. Ингэхээр тэр үнэхээр урьдчилан таахын аргагүй зан араншинтай хүн байжээ.

Фрейд Галийцийн еврей гаралтай байжээ. Түүний бусдаас өөрөөр сэтгэдэг, өөр өнцгөөр аливаа юмсыг хардаг нь түүний уг гарлаас шалтгаалдаг байж магад. Түүний ээж Амалии Натансон гайхалтай еврей эмэгтэй байсан бөгөөд нөхөөрөөсөө 20 насаар дүү байжээ. Ер нь бусдыгаа манлайлан араасаа дагуулж дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн цөөн тооны Этнос байдаг. Тэд яагаад ингэж манлайлах болсныг түүхэнд товойн гарч ирсэн удирдагчид, суут хүмүүс түүхэн нөхцөл байдал, цаг хугацааны аятай таатай нөхцөл, эсвэл төрөлхийн ухаан сэргэлэн гэх мэт олон байдлаар тайлбарлаж болох авч Вернадский, Гумилёв нарын зарим судлаачид “ЭТНОБИОСФЕР ОНОЛ”-оор ийм зүй тогтлыг тайлбарлах гэж оролдсон байдаг.  Космосфер-Ионсфер-Атмосфер-Биосфер-Геосферээс гадна хүн төрөлхтөнд нөлөөлөхүйц НООСФЕР буюу ухамсарт мандал нь зарим нэг угсаатнуудыг Суперэтнос болгодог тухай онол юм. Суперэтносын нэг нь Еврейчүүд юм. Еврей эмэгтэйчүүд өөрийн хүүхдийг хэзээ ч муучилж загнадаггүй бөгөөд харин ч түүнийг магтаж өөртөө итгэх итгэлийг төрүүдэг аж. Фрейдийн ээж ч хүүгээ бас ингэж өсгөсөн бөгөөд Фрейд ч шилдэг сэтгэл зүйч болж сэтгэл судлалын шинжлэх ухаанд маш том хувь нэмэр оруулсан.

Түүнийг Еврей гаралтай байснаас нь болж хүмүүс түүнтэй дорд байдлаар хандаж байсан ч тэрээр цөхрөлтгүй өөрийн судалгаагаа хийж байсан бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг ихэд сонирхдог уйгагүй хүн байв. Хүмүүсийн ухаангүй хийдэг ухамсаргүй үйлдлийг шинжлэх ухааны аргаар хамгийн анх судалснаараа Фрейд сэтгэл зүйн салбарт чухал байр суурь эзэлдэг. Тухайн үед зарим хүмүүс Далигийн зургийг ухамсаргүй ухаангүй зүйл гэж үздэг байан бол Фрейд түүнийг шал өөр өнцгөөр харсан байдаг. Тэрээр Сальвадор Далигийн зургийг ихэд ойлгодог, Цвейгийн зохиолуудыг ихэд шимтэн уншдаг байсан нь түүнийг мөн их мэдрэмжтэй хүн байсныг илтгэнэ.

Арьсны хавдраас болж ихэд шаналж байсан ч ажлаа зогсоогоогүй бөгөөд мөн  их зөрүүд хүн байжээ. Өөрийн зорьсондоо хүрэхийн тулд бүхнийг хийхэд бэлэн хүнийг нэрлэнэ үү гэвэл би хамгийн түрүүнд Фрейдийг хэлэх болно гэж Цвейг хэлсэн байдаг. Үнэхээр ч З.Фрейд юуг ч үл хайхран хүнийг сэтгэц, оюун ухааныг судалж гайхамшигтай онол, үзэл баримтлалыг дэвшүүлж байсан балрашгүй гавьяатай нэгэн.

Нууц чухам юу байв?

Адольф Гитлер, Уинстон Черчилл, Зигмунд Фрейд. Энэ гурван хүний амьдрал ямар ч романаас сонирхолтой ажээ. Мөн эдгээр хүмүүс хүн төрөхтний түүхэнд нэрээ үлдээж, алдаатай оноотой олон зүйл хийж байсан ч гурвуулаа нэгэн зүйлийг маш сайн мэддэг байжээ. Тэд “НУУЦ”-ыг мэддэг байсан аж. Бид ч тэд ч нэгэн хуульд захирагддагийг тэд мэддэг байж.

Энэ хууль нь ижил нь ижлээ татах хууль бөгөөд энэ хууль яг Аладины шидэт дэнлүү мэт үйлчилдэг. Аладины дэнлүүг олоод зүлгэхэд дотроос нь бэрд гарч ирэн “Таны хүсэл бол миний хувьд хууль. Та хүслээ хэл.” гэдэг дээ. Яг л үүн шиг тэд өөрсдийн хүрэхийг хүссэн тэр мөрөөдлөө үргэлж сэтгэлдээ биежүүлдэг байсанд л хэргийн гол нь байгаа. Өөрөөр хэлбэл хэдий чинээ хүснэ төдий чинээ таны хүсэл танд ойртоно гэсэн үг. Энэ бол ижил ижлээ татах хуулийн “нууц” юм. Энэ нууцийг тэд мэдсэнээрээ тэд өөр өөрийн амжилтанд хүрсэн.

Мэдээж энэ хуулийг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэхэд саад болох зүйл мундахгүй олон. Энэ дундаас хамгийн том саад бол биелэхгүй боловуу, бүтэхгүй боловуу гэсэн зэрвэсхэн бодол. Хэдийгээр ийм бодол зэрвэсхэн орж ирж байгаа ч энэ ижлээ татах хуулийг эсрэг чиглэлд ажлуулж буй хэрэг юм. Өчүүхэн ч эргэлзээ таны амжилтанд хүрэхэд саад болох болно. Тэгвэл энэ гурав үүнийг хэрхэн давсан юм бол?

Хэрвээ та анзаарсан бол энэ гурав өөр өөр амьдралтай, өөр өөр хүмүүжилтэй ч тэд бүгдээрээ маш зөрүүд хүмүүс байжээ. Гэхдээ үүнийг аливаа юманд муйхарлан зүтгэхээс ялгах хэрэгтэй. Тэд өөрийн зорилгодоо хүрэхийн тулд хэзээ ч муу зүйл болно гэсэн бодлыг төрүүлэхгүйн төлөө өөрсдийн зөрүүд зангаа ашигладаг байсан байна. Нөгөөтэйгүүр тэд тухайн үеийнхээ нийгмийн харж байсан зүг руу бус өөр зүг руу харч чадсан. Тэр өөр зүг рүүгээ өөр өөрсдийн өнцгөөр өөр өөрийн дадал зуршил, төсөөлөл, мөрөөдлөө цонх болгон ажиглаж чаджээ. Иймээс л тэд амжилтанд хүрч, дэлхийн түүхийг өөрчилсөн юм.

Эцэст нь дүгнэхэд танд ч надад ч өөрийн хүссэндээ хүрч чадахуйц тийм нөөц бололцоо бий бөгөөд гагцхүү түүнийгээ энэхүү нууц атлаа энгийн хуулийг ашиглан нээж ашиглаж болно.

БОДОЛ БОДОЖИН БИЕЛНЭ.

Published in: on June 18, 2009 at 3:08 pm  Leave a Comment  

The URI to TrackBack this entry is: https://uyangas.wordpress.com/2009/06/18/%d1%81%d1%8d%d1%82%d0%b3%d1%8d%d0%bb-%d0%b7%d2%af%d0%b9%d0%bd-%d0%b0%d0%bd%d0%b0%d0%bb%d0%b8%d0%b7/trackback/

RSS feed for comments on this post.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: